Инноваци

  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, дэвшилтэт арга барилыг нэвтрүүлэхэд чиглэсэн инновацийн үйл ажиллагааг явуулах;
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны багаж, хэрэгсэл, техник, технологийг боловсронгуй болгоход чиглэсэн инновацийн үйл ажиллагааг явуулах.

Цеолитон шингээгч материал
Цеолитон шингээгч материалыг тос, авто түлш, хөргөгч агент, хүчил, будагч бодис, уусгагч зэрэг гадаргуугийн идэвхитэй бодисыг шингээн авч, тэдгээрийн агаарт дэгдэх, хөрсөнд шингэх процессыг саатуулах, бууруулах, аммоны ионыг шингээх, улмаар арьс, хувцас, багаж тоног төхөөрөмжийг ариутгах зэрэг олон талт зорилгоор онцгой байдлын үед химийн цэрэг, аврах анги салбар, химийн бодистой холбоотой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад ашиглах боломжтой юм.
А. Бүтээгдэхүүний тодорхойлолт
Өнгө: Цайвар саарал
Үнэр: Үнэргүй
рН орчин: 6.5
Уусах чанар: Усанд уусахгүй
Ширхэглэгийн хэмжээ: 0.2 мм
Хэрэглээ: Хатуу болон нүх сүвэрхэг гадаргууд тос, авто түлш, химийн бодис зэрэг шингэн, ууршимтгай бодис асгарсан үед хэрэглэгдэнэ. Мөн химийн бодисоор бохирдсон хувцас, багаж тоног төхөөрөмжийн бохирдлыг арилгах зорилгоор ашиглаж болно.
Шингээх чадвар: 2л/кг
Хэрэглэх заавар: Асгарсан бодис, материал дээр жигд үеэр цацаж шингээсний дараа хамж авна. Энэ шингээлтийг 2-оос доошгүй удаа хийнэ.
Б. Цеолитон шингээгч материалыг 2.5 мм, 5 мм-ийн диаметртэй нунтаглаж 3 үет колонк бэлтгэн, аммоны ионоос бусад хольц элементүүдийг багасгах зорилгоор идэвхжүүлсэн нүүрстэй үелүүлэн давхар шүүлтүүр бэлтгэж туршилт явуулав.

Зуны хээрийн хувцасны материалыг нанотехнологиор боловсруулан турших
Онцгой байдлын байгууллагын зуны хээрийн хувцасны даавууг нанотехнологийн аргаар боловсруулж эдэлгээ хэрэглээний явцад ус, тос хуурай хог шороог түлхдэг, үрэлтэнд тэсвэртэй мөн олон удаагийн угаалганд бүтэц шинж чанараа өөрчилдөггүй болгон туршсан. Ингэж боловсруулсан даавуу материалыг “self cleaning materials” буюу “өөрөө өрийгөө цэвэрлэх” чадвартай гэж тодорхойлдог. Энэ тодорхойлолт нь “Lotus Effect” буюу ургамлын навч борооны усаар өөрийнхөө гадаргууг цэвэрлэдэгтэй адил юм. Нанопартикелийг үндсэн 2 аргаар үүсгэдэг ба “Bottom up method” аргаар усан уусмалын орчинд гадаргуугийн маш идэвхтэй, хор нөлөөгүй партикел үүсгэж туршсан. Лабораторийн шинжилгээний дүгнэлтээс харахад нано боловсруулалт хийсэн дээж материалын өнгө бага зэрэг бараан, материалын жин маш бага 1 м²-д 0,4 грамаар ихэссэн байна. Харин боловсруулалт хийгээгүй даавуу хөндлөн чиглэлд 5% агшиж байсан бол боловсруулалт хийсний дараа агшилтгүй болсон. Даавууны суурь утасны тоо багассан нь даавууны нягт багасаагүй харин нанопартикел суурь утсанд жигд тархаж өгсөнтэй холбоотой гэж үзэж болно.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцасны өнгийг өнгөлөн далдлалтын шаардлагад нийцүүлэн боловсруулах
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ажлын онцлог, орчин нөхцлийг судлан ямар төрлийн хувцасны өнгийг цэргийн хувцасны дижитал өнгөлөн далдлалтын өнгөний шаардлагад нийцүүлэн боловсруулж болох вэ гэдгийг тодорхойлсон. Онцгой байдлын байгууллагад тохиромжтой өнгө болох ногоон (C:42 M:33 Y:60 K:0), шаргал (C:14 M:12 Y:23 K:0), тал хээрийн буюу бор шаргал (C:25 M:25 Y:34 K:1), аливаа байгууллага өөрийн онцлог өнгөтэй байх ёстой гэж үзсэний үндсэн дээр одоо ашиглаж буй хээрийн хувцасны өнгө болох хар хөх (C:94 M:72 Y:42 K:34) өнгийг бусад ууссан өнгөнүүдтэй хослуулан цэргийн хувцасны өнгө тогтоолтын ерөнхий зүй тогтол болон нэхмэлийн үйлдвэрийн технологийн онцлогыг харгалзан үндсэн 4 үндсэн давхарга үүсгэн CorelDRAW X7 програмыг ашиглан даавууны хээ зургийг гаргалаа.