Мэндчилгээ

     Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн цахим хуудсанд тавтай морилно уу.

     Юуны өмнө, Гамшгаас хамгаалах салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн ахмад үеийнхэн, тэдний үйл хэргийг залгамжлан яваа шинэ үеийн офицер, ахлагч нар, судлаачид, салбарын нийт ажилтан, ажиллагсдад болон бидэнтэй хамтран ажилладаг үйлчлүүлэгч, харилцагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

     Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь анх Монгол Улсын Шадар сайдын 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 63 тоот тушаалаар Гамшгаас хамгаалах сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн нэртэйгээр байгуулагдснаас хойш 15 жилийн түүхэн хугацааг өнгөрөөж байна. Энэ хугацаанд гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэд технологи, инноваци, шинжлэх ухааны нээлт, түүнд тулгуурласан арга аргачлалыг нэвтрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн, судалгаа шинжилгээний гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах, эрдэмтэн судлаачидтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхааран ажиллаж ирлээ.

     Үүнийгээ дагаад хүрээлэнгийн үйл ажиллагаа, бүтэц, нэгжийн тоо нэмэгдэж, Нөөц судлалын төв, Инновацийн төв, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв, Гамшиг судлалын төв гэсэн дөрвөн төв, “Байгалийн эрдэст багсармал тэжээл”-ийн гарааны компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартыг нэвтрүүлсэн анхны эрдэм шинжилгээний хүрээлэн боллоо.

     Эрдэмтэн судлаачдын бүтээл нь аюулт үзэгдэл, ослын тоо, төрөл, давтамж жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед салбар дундын шинжлэх ухаан болох гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгааг цохон тэмдэглэе.

     Гамшиг судлалын хүрээлэн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр 2005-2019 онд 108 судалгааны ажлын тайлан, 77 ном, гарын авлага, 5 шинжлэх ухаан технологийн төсөл, 3 нэг сэдэвт бүтээл, 2 шинэ бүтээлийн патент, 17 стандарт, гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар аргачлал 30 гаруй нийт 120 (дотоодод 100 гаруй, гадаадад 20) эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ.

     Гамшиг судлалын хүрээлэнгийн хамт олон бид өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа бататган, цаашид олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, шинжлэх ухаан, туршилт судалгаа, инновацид суурилсан тэргүүлэгч хүрээлэн болох зорилтыг манай хамт олон дэвшүүлэн ажиллаж байгааг дашрамд уламжлахад таатай байна.

     Та бүхний билгийн мэлмий тунгалаг, эрдмийн үзэг хурц, оюуны бүтээл тань арвин байх болтугай.

Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D),

хурандаа Д.Алтангэрэл