Эрдмийн зөвлөлийн ээлжит 3 дугаар хуралдаан боллоо

0

Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн 2020 оны ээлжит 3 дугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус хүрээлэнгийн “Номын өргөө”-нд зохион байгуулагдлаа.

Эрдмийн зөвлөлийн хурлаар 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан “Барилгад ашиглаж буй бодис, материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийн ашиглалтад хийсэн шинжилгээ”, “Улсын нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам” сэдэвт судалгааны ажлуудын эцсийн тайланг хэлэлцэж хүлээн авсан.

“Улсын нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам” сэдэвт судалгааны ажлаар удирдлагын шинжлэх ухааны онол, аргазүйн үндсэн дээр улсын нөөцийн үүрэг зориулалт, ангилал, бүтэц зохион байгуулалт, удирдлагын болон боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо, удирдлагын арга барилыг шинжлэх ухааны үүднээс судлан тодорхойлсон. Тус судалгааны ажлыг шийдвэр гаргагчид улсын нөөцийн удирдлагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход шууд авч ашиглах боломжтой бөгөөд зарим үр дүнг судалгааны ажлын явцад практикт хэрэглэж эхлэснээрээ онцлог юм.

“Барилгад ашиглаж буй бодис, материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийн ашиглалтад хийсэн шинжилгээ” судалгааны ажлаар Гамшиг судлалын хүрээлэнгийн Галын лаборторид сүүлийн 10 жилд шинжилсэн нийт сорилтын дүнгийн 42%-ийг зөвхөн хөөсөнцөр хавтан болон түүнийг дүүргэгчээр ашигласан сэндвич хавтан эзэлж байгаа ба эдгээр материалын 86.84% нь галын аюулын өндөр зэргийн аюултай ангилал /хүчтэй шатдаг, хялбар дөллөж авалцан асдаг, хүчтэй тархдаг/-д хамаарч байгааг тогтоож, цаашид барилгын гал түймрийн аюулын эрсдэлийг бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарал зохих зөвлөмжийг боловсруулан, салбарын алба хаагчид, аж ахуйн нэгж байгууллагыг мэдээллээр хангаж буйгаараа онол, практикийн ач холбогдолтой судалгаа болжээ.

Мөн хуралдаанаар Шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүдийн сонгон шалгаруулалтад тус хүрээлэнгээс Техник, технологийн салбар, Геологи, газарзүй, байгаль орчны салбар, Нийгмийн ухааны салбар, Хими, биологийн салбарын бага чуулганд тус тус эрдэмтдийн төлөөллөө нэр дэвшүүлэхээр шийдэв.

 

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН