“Химийн хорт бодисын эрсдэл” ном хэвлэгдэн гарлаа

0

Гамшиг судлалын хүрээлэнгийн Инновацийн төвийн дарга, хошууч П.Чимэдцэрэн “Химийн хорт бодисын эрсдэл” шинэхэн номоо уншигчдын хүртээл болгоход бэлэн болжээ. Тэрбээр химич мэргэжилтэй, “Химийн хорт бодисоос үүсэх эрсдэл, түүнийг бууруулах арга зам” сэдвээр Аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү номоо Гамшиг судлалын хүрээлэнгийн 15 жилийн ойд зориулан бүтээсэн байна.

Хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр нь аж үйлдвэрийн салбар байдаг хэдий ч энэ салбар нь химийн бодистой салшгүй холбоотой бөгөөд химийн бодисын хэрэглээний болон үйлдвэрлэлийн явцад осол болсон тохиолдолд хүн ам, байгаль орчин, эдийн засагт ноцтой хохирол учруулах эрсдэлийг дагуулдаг.

Түүнчлэн ихэнх химийн бодис нь ашиглах, хадгалах, үйлдвэрлэх, тээвэрлэх шатанд аюулыг дагуулж байдаг. Иймээс химийн бодисын аюул, ослоос урьдчилан сэргийлэхийн тулд эрсдэлт хүчин зүйлийг олж илрүүлэн, үнэлэх, эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлох, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм.

Энэхүү ном нь дээрх хэрэгцээ шаардлагад тулгуурлан химийн хорт бодисын эрсдэлийн ухагдахуун, мөн чанар, химийн хорт бодисын аюулаас урьдчилан сэргийлэх, химийн ослын үеийн аврах, хор уршгийг арилгах, аюулын тархалтыг зогсоох, саармагжуулах, хоргүйжүүлэх үйл ажиллагааны талаар тодорхой мэдлэг өгөх, химийн хорт бодисын эрсдэлийг үнэлэх арга зүй, аргачлал, эрсдэлийг бууруулах боломжуудыг тодорхойлох, эрсдэлийг бууруулахад шинэ бүтээгдэхүүн ашиглах, нэвтрүүлэх боломжийг тусгасан онол, арга зүйн бүтээл юм.

Тус бүтээл нь хүрээлэн буй орчны аюулгүй байдал, гамшгаас хамгаалах болон химийн салбарын мэргэжилтнүүд, байгаль орчны болоод гамшгийн эрсдэлийн шинжээчид, энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан, суралцагч, сонсогчид, их дээд сургууль, сургалт, судалгааны байгууллагын судлаачид, багш нар, Онцгой байдлын байгууллагын химийн бүлэг, химийн мэргэжилтэн, аврагч-химичдийн химийн хорт бодис, түүнээс үүсэх эрсдэлийн талаарх мэдлэгээ баяжуулах, үйл ажиллагаандаа ашиглахад хувь нэмэр бүтээл болсон гэж үзэж байгаа юм