“Хот суурин газрын гамшгийг даван туулах чадвар (resilience)-ыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын зөвлөмж гарлаа

0

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадвар (Resilience)-ыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулав.

Хуралд Монгол Улс дахь НҮБ, НҮБ-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газар болон бусад төрийн байгууллага, Япон, БНСУ, ОХУ, БНХАУ, Монгол Улсын эрдэмтэн, судлаачид,  эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, олон шинэлэг санааг агуулсан онол арга зүйн болоод практик ач холбогдолтой судалгааны өндөр түвшний боловсруулалт бүхий 30 гаруй илтгэлийг хэлэлцлээ.

Хуралд оролцогчид Улаанбаатар хотноо 2018 онд болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлаас гарсан Улаанбаатарын тунхаглал баримт бичгийн хэрэгжилтийг хангах, түүнчлэн ирэх 2020 онд Австрали улсад болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази,Номхон далайн сайд нарын 3 дугаар бага хуралд Монгол улсын оруулах хувь нэмрийг тодорхойлоход энэхүү хурлын ач холбогдол нь оршиж буйг онцлон тэмдэглэсэн.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлаас хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг тусгасан  дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

НЭГ. ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ БОЛОН ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛД

1.1.Хотын шинэ хөгжил, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтын захиалга, цар хүрээ, байршлыг төлөвлөхдөө шинжлэх ухааны үр дүнг ашиглах, эрсдэлийн мэдээлэлд үндэслэж шинжлэх ухаан, бодлогыг уялдуулах

1.2.Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд шинжлэх ухааны салбаруудыг татан оролцуулж, шаардлагатай нөөцийг хуваарилж их сургууль, шинжлэх ухаан технологийн байгууллагад байгаа дэвшилтэт технологи, судалгааны үр дүнг орон нутгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн шийдвэр гаргалтад ашиглах

1.3.Зарлан мэдээллийн системийг оновчтой бүрдүүлэх, найдвартай ажиллагааг хангах ажиллагаанд засаг захиргааны нэгжийн удирдлагуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх;

1.4.Хотын хувьд нэн чухал дэд бүтцийг хүн амын хэрэгцээ, гамшгийн эрсдэлийн мэдээлэлд үндэслэн тогтоож эдгээрийг хүчитгэх, өргөтгөх, дахин барих зэргээр сайжруулах, тогтвортой ажиллагааг нь хангах арга хэмжээ авах

ХОЁР. ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД

2.1.Барилга, байгууламжийн газар хөдлөлийн тэсвэрлэлтийн үнэлгээний чиглэлээр шинээр боловсруулан гаргасан аргачлал болон инженерийн үнэлгээний өндөр түвшний аргуудыг яаралтай нэвтрүүлэх, мэргэшсэн үнэлгээчдийг сургаж бэлтгэхэд мэргэжлийн байгууллага, шинжлэх ухаан технологийн байгууллагатай хамтран ажиллах

2.2.Газар хөдлөлийн дараа барилга байгууламж, дэд бүтцийг үнэлэх дүрэм, журам боловсруулах ажлыг санаачлах, холбогдох талуудтай хамтран ажиллах

2.3.Газар хөдлөлийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах,  нэн ялангуяа гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтыг оновчтой болгох, орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллагын тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн төлөвлөлтийг мэргэжлийн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх

2.4.Гал түймрийн эрсдэлийг бууруулахын тулд хотжилт, хот төлөвлөлт, барилгын хийц бүтээц, материалын шинж чанарын өөрчлөлтөд нийцүүлэн галын аюулгүй байдлын норм, дүрэм, стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах, хэрэгжилтийг хангуулах

2.5.Хот суурин газарт гал түймэр унтраах ангийг стандартад нийцүүлэн нэмж байгуулах, гал түймрийг илрүүлэх, унтраах чиглэлд дэвшилтэт арга технологи, шинэ техник, багаж төхөөрөмжийг нэвтрүүлэх;

ГУРАВ. ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГА, ИХ СУРГУУЛЬ, ЭРДЭМТЭН, СУДЛААЧДАД

3.1.Шинжлэх ухааны салбаруудад хуримтлагдсан мэдлэг, дэвшилтэт технологийг нэгтгэх, ач холбогдлыг нь өсгөх, бүс нутаг, үндэсний ба орон нутгийн түвшинд эрдэмтэн, судлаачид мэдлэг, туршлагаа хуваалцах үйл явцыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах нэгдсэн механизм бий болгох

3.2.Аюулын төрөл бүрээр гамшгийн эрсдэлийг үнэлэх арга, аргачлал, загварчлал болон  гамшгаас учирсан хохирол, сэргээн босгох хэрэгцээг тооцох арга, технологийг  боловсруулахад хамтран ажиллах

3.3.Газар хөдлөлийн хагарлын судалгааг эрчимжүүлэх, нарийвчилсан зураглал гаргах, эрсдэлийн үнэлгээг шинэчлэх, газар хөдлөлийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг  дээшлүүлэх чиглэлд дотоод, гадаадын эрдэмтэд хамтран ажиллах

3.4.Одоо байгаа дэд бүтцийг хүчитгэх дэвшилтэт шийдэл бий болгох, шинэ дэд бүтцийг гамшигт тэсвэртэй барих, барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах, гал тэсвэршилтийг нэмэгдүүлэх ажлын шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх

ХУРАЛД ОРОЛЦОГЧИД