Д.Алтангэрэл: Хот суурин газрын тогтвортой хөгжлийг дэмжихэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна

0

Б.МӨНХТҮШИГ

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь  Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах, хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг маргааш зохион байгуулах гэж байна. Тус эрдэм шинжилгээний бага хурлын талаар ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гол үндэслэл юу байв? 

-Сүүлийн жилүүдэд хот суурин газруудад хүн амын нягтрал бий болж, үүнийгээ дагаад тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол нэмэгдэх болсон. Энэ нь манай улсын хүн амын 65 орчим хувь нь нийслэл болон бусад суурин газарт амьдарч байгаатай холбоотой юм. Дэлхий дахинд ч мөн адил хамааралтай байна. Судалгаанаас харахад дэлхийн хүн амын 50 гаруй хувь нь хот суурин газарт амьдардаг. 2050 он гэхэд 68 хувь нь амьдарна гэсэн судалгааг НҮБ-аас гаргасан. Тиймээс дэлхийн нийтээр хот суурин газруудын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх, барилга, байгууламж, дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх замаар хот суурин газрын тогтвортой хөгжлийг хангахад анхаарлаа хандуулж байна. Монгол Улсын Засгийн газраас ч энэ чиглэлд анхаарлаа хандуулж, манлайлал үзүүлж байгааг онцлох хэрэгтэй. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал”-ын үеэр Монгол Улсын Засгийн газраас санаачлан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт онцлох хуралдаануудыг хийж, хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх чиглэлд тодорхой асуудлыг дэвшүүлсэн.

Мөн дэлхий дахинд 2010 оноос эхлэн өрнүүлж байгаа НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад Монгол Улс нэгдэн орсон Азийн анхны улс болсон. Ингэснээр дэлхийн бусад хоттой туршлагаа хуваалцаж, аюулгүй хот бий болгох зорилт тавин ажиллаж байгаа юм. Тиймээс энэ чиглэлд гадаад, дотоодын судалгааны байгууллага, судлаачдын хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлыг хангаад байна.

-Олон улсын бага хуралд хэч­нээн орны төлөөлөгч оролцох вэ?

– НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Япон, БНСУ, ОХУ, Хятад, Монгол Улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцоно. Эрдэмтэн судлаачид “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдвийн хүрээнд 40 гаруй илтгэлийг хэлэлцүүлнэ. Хэлэлцэгдэх илтгэлүүдийг эмхэтгэн, гарын авлага болгож, нийтийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадварыг сайжруулахад шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад улс орны туршлага, сургамжаас суралцаж мэдлэг, чадвар, туршлагаа харилцан солилцох боломжийг бүрдүүлэх юм.

-Хурал зохион байгуулагдсанаар хүрэх үр дүнг та юу гэж харж байна?

-Хурлаар хэлэлцүүлэгдэх илтгэлүүдийн дэвшүүлсэн саналыг нэгтгэсэн зөвлөмж гаргана. Энэ зөвлөмж нь хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргах арга зүйг тусгаж өгөх юм. Мөн байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх арга замын талаар харилцан мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Түүнчлэн шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, онц чухал дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах, хот суурин газрын тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж харж байна.

-Баярлалаа. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье?

-Баярлалаа. Энэ дашрамд хурлыг хамтран зохион байгуулагч НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ажилтан, хатагтай Ана Кристина Торланд, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Дотоод хэргийн их сургуулийн захирал, хошууч генерал Ш.Лхачинжав нарт  талархал илэрхийлье. Мөн хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх чиглэлээр судалгаа хийж, харилцан туршлагаа солилцон, цаашид тулгамдаж буй асуудлыг  шийдэх чиглэлд үнэтэй санал зөвлөмж ирүүлсэн эрдэмтэн, судлаачиддаа баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.26  ПҮРЭВ  №191  (6158)