Үрийн сортын сорилыг Увс, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудад зохион байгуулна

0

ОБЕГ-ын харъяа Гамшиг судлалын хүрээлэнгийн дэргэдэх Улсын нөөц судлалын төвөөс сорт сорилын байнгын ажиллагаатай ажлын хэсэг, гарааны компанийн Тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, цаашдын үйл ажиллагааны чиглэл зорилтыг тодорхойлох зорилгоор “Сорт сорилын байнгын ажиллагаатай ажлын хэсэг, тэжээлийн үйлдвэрийн ажилчдын сургалт”-ыг зохион байгууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшиг судлалын хүрээлэнгийн бүтцэд ажиллах гарааны компанийн “Тэжээлийн үйлдвэр”-ийн үйл ажиллагааг эхлүүлэх, Сорт сорилын байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар, Гамшиг судлалын хүрээлэн, орон нутгийн Онцгой байдлын газар, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, Улсын нөөцийн бараа, материалыг хадгалах нөхцөл, хадгалалтын хугацааг уртасгах чиглэлээр судалгааны ажлын сэдэв, даалгаврыг хамтран боловсруулж, Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулах,

Төв аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Улсын нөөцийн салбарыг түшиглэн байгуулсан Улсын нөөц судлалын төвийн “Байгалийн эрдэст багсармал тэжээл” гарааны компанийн тэжээлийн жорыг сайжруулах, инноваци болгох асуудлыг тодорхойлох, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах,

Үйлдвэрийг түүхий эдээр хангах, үйлдвэрлэсэн тэжээлийг худалдан борлуулах, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах, өргөтгөх болон гарааны компанитай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх,

Таримал ургамлын үрийн сортыг сорих асуудлыг баруун бүс Увс аймгийн Баруунтуруун сум, зүүн бүс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шар тал, төвийн бүс Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Төв аймгийн Жаргалант суманд зохион байгуулах,

Улсын нөөц судлалын чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэд, судлаачид, багш, мэргэжилтнүүдийг хамруулсан эрдэм шинжилгээний хурлыг дээрх байгууллагууд хамтран зохион байгуулж, үр дүнг нь үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэрэг үүргийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.