Эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийг шалгарууллаа

0

Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны тулгамдсан асуудлаар оюутан, судлаач, эрдэмтдийн дунд зарласан “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах нь бүх нийтийн үйлс”  эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдааны дүн өнөөдөр гарлаа.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж шинжлэх, үр дүнг орчин судалгааны арга зүй, загварчлал, программ хангамж ашиглан боловсруулалт хийж, дүгнэлт гаргах, асуудлыг шийдвэрлэх шийдэл, төсөл, санал боловсруулж, шинэлэг хандлага, санаачлага гаргаж тавихад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зорилго оршиж байгаа юм.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан нь гамшиг, аюулт үзэгдэл, ослын зүй тогтол, гамшгийн онцлог, нөлөөлөх хүчин зүйл, гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл, амжиж анхааруулах систем, барилгын чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын үнэлгээ, дахин төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гамшгийн аюулын бодит байдлыг мэдрүүлэх дадлага сургуулилтын техник  хэрэгсэл, байгууламжийн технологи, шийдэл, гамшгаас хамгаалах техник  хэрэгсэл, технологийн шийдэл, гамшгийн үед ашиглах нөөцийн удирдлага, бүрдүүлэлт, байгууламж, техник хэрэгслийн технологийн шинэ шийдэл зэрэг сэдвийн хүрээнд зарлагдсан.

Уралдааныг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт шүүн хэлэлцэж, шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.

Уралдааны судлаач, эрдэмтдийн төрөлд нэгдүгээр байранд Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн судлаач Г.Жавхаа, хоёрдугаар байранд ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаач (Ph.D)  П.Чимэдцэрэн, гуравдугаар байранд тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, судлаач (Ph.D) Д.Сэржмядаг, оюутны төрөлд нэгдүгээр байранд “Этүгэн” их сургуулийн 5 дугаар дамжааны оюутан Ж.Наранцэцэг, хоёрдугаар байранд МУИС-ийн 2 дугаар дамжааны оюутан Ж.Эрдэнэнаран,  гуравдугаар байранд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутан П.Хулан нарын бүтээл тус тус шалгарлаа.

Шилдэг бүтээлийн шагналыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн нарийн бичгийн дарга, ҮАБЗ-ийн референт  Ё.Жаргалсайхан, Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор, профессор Ц.Батсайхан, МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал нар гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.