Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үед Хяналттай дасан зохицох стратегийн шинэ санааг дэвшүүлэв

Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үед Хяналттай дасан зохицох стратегийн шинэ санааг дэвшүүлэв

       Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үед амьдралын шинэ хэв маягт дасан зохицож байгаа бусад улс орны туршлага, сургамжаас суралцах, салбарын болон салбар дундын хамтын ажиллагааг нөхцөл байдалтай уялдуулан бэхжүүлэх боломжийг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.


Гамшиг судлалын хүрээлэнгээс тус онол, практикийн бага хуралд цар тахлын үед хяналттай дасан зохицох, хэв маягаа өөрчлөх, тэсч гарах стратегийн шинэ санааг  дэвшүүлжээ.

Дасан зохицох: Ковид-19-тэй тэмцэх шинэ хэрэгслүүдийг ижил тэгш нэвтрүүлэх, бүх улс оронд вакцин, оношилгоо, эмчилгээний тэгш хүртээмжийг хурдасган, аюулгүй, оновчтой хуваарилалт, хэрэгжилтийг дэмжих замаар бүрдүүлнэ. Дасан зохицохын тулд төр засгаас хэрэгжүүлж байгаа нийтийг хамарсан арга хэмжээнд тавьсан хориг, хөл хорио, хязгаарлалтын үйл ажиллагаа, гарсан дүрэм, журам, зааврыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, нэг хүний эрх нийтийн эрхээр хязгаарлагдах дүрмийг баримтлах нь зүйтэй.

Цар тахлын үед дасан зохицох шаардлагатай энгийн арга бол хүн бүр халдвар авахаас урьдчилан сэргийлэх, амны хаалт тогтмол зүүх, гараа зөв дадлаар сайтар угаах, хүн хооронд зай барих зан үйлийг хэвшмэл үйлдэл болгож байж сая халдварт өртөх, халдвар дамжуулахаас сэргийлнэ.

Хэв маягаа өөрчлөх: Бусад улс орнууд вирусыг оршин тогтносоор байхыг хүлээн зөвшөөрч, хамгийн сайн хариу арга хэмжээ бол вакцин гэж үзэж байна. Хэрэв халдварын шинэ тохиолдлын тоо буурсаар байвал нийгмийн харилцаанд  хязгаарлалтын арга хэмжээг үе шаттайгаар цуцалж эхлэх боломжтой юм. Хяналттай дасан зохицох стратеги бол Ковид-19-ийн шинж тэмдэг бүхий тохиолдлын тоог хамгийн бага түвшинд хүргэх арга зам юм. Үүнд 3 зорилтууд оршино.

       Ковид-19 тохиолдлын тоог минимал түвшинд барих

       Эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг хадгалах

       Нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн байлгах

          Хэрэв эрүүл мэндийн тогтолцооны чадавхи буурвал халдварын тоо багасахгүй, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаа хямрахад нөлөөлөх тул энэхүү 3 хүчин зүйлийг зөв тохируулж, түүндээ дасан зохицох амьдралын шинэ хэв маяг бий болж байна.

Улс орны нийгэм, эдийн засгийг сэргээх, цар тахлын нөхцөл байдалд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх чиглэлд зохион байгуулалтын арга хэмжээг уян хатан байдлаар удирдах шаардлага бий болсоны нэг жишээ нь  ил задгай талбайн үйлчилгээ, номын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээнүүдийг халдварын хяналт, мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөөр зохион байгуулж ажиллаж байгаа бөгөөд дэлхийн бусад улс орнуудад ч нийтийг хамарсан арга хэмжээг өөрчлөн зохион байгуулах замаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь амьдралын шинэ хэв маягт шилжиж, дасан зохицож байгаагийн нэг хэлбэр юм.

Тэсч гарах гэдэг нь халдвар дамжуулалтыг дарах, халдвараас урьдчилан сэргийлэх болон хяналтын арга хэмжээнүүд болох сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, шинжлэх, тохиолдлуудын кластеруудыг судлах, хавьтлыг мөшгих, хавьтлын хөл хорих, магадлалтай болон батлагдсан тохиолдлуудыг тусгаарлах, өндөр эрсдэлтэй бүлгийг хамгаалах арга хэмжээ авах, вакцинжуулах зэргээр нотолгоонд суурилсан нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлэх замаар;

Өртөлтийг багасгах: гарын эрүүл ахуйг зөв сахих, маск зүүх, дотоод агааржуулалтыг сайжруулах, олон нийтээс зайлсхийх, бусадтай харьцах зайгаа хадгалах зэрэг эрсдэлийг бууруулах зан үйлийг хэвшүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хянах дадлыг олон нийтэд олгох замаар;

Ташаа, худал мэдээллийг сөрөх: олон нийтийг эрсдэлгүй, шинжлэх ухааны мэдээллээр хүртээмжтэй, зүй зохистойгоор хангах, эрүүл мэндийн чанартай удирдамжаар мэдээллийн системийг баяжуулах, олон нийтийг татан оролцуулж, чадавхижуулан инфодеми /ташаа мэдээлэл/-ийг удирдах замаар даван туулах чадварыг нэмэгдүүлэх;

Эмзэг бүлгийг хамгаалах: хэнийг ч үлдээхгүй хүйс, тэгш байдлыг харгалзан үзэх, эмзэг бүлгүүдэд үндэслэн вакцин хүлээн авах, эрэлтийг бий болгох, эрүүл мэндийн ажилчдыг татан оролцуулах, ковид-19 вакцинжуулалтын кампанит ажлыг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих, бүх улс орон, бүх хүн амд вакцины байршлын бэлэн байдлыг хангах замаар;

Нас баралт, өвчлөлийг бууруулах:

-өвчтнийг эрт оношилж, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх;

-эрүүл мэндийн системүүд нь ковид-19 тусламжийн болон бусад зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах;

-эрүүл мэндийн үндсэн тогтолцоог бэхжүүлэх;

-асрамжид шаардагдах саад бэрхшээлийг арилгах;

-улс орон бүрийн эмзэг бүлэгт вакцин хийлгэх нөхцөлийг бүрдүүлэх замаар хэрэгжинэ.

Дээрх хяналттай дасан зохицох стратегийн 3 гол асуудлыг оптимал түвшинд авч явахад холбогдох чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагааны стратеги уялдаа холбоог бодлогын түвшинд гаргаж тавих нь өнөөгийн гол хэрэгцээ шаардлага гэж судалгааны байгууллага үзжээ.

 

 

 

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН