Их Британи “AstraZeneca”-гийн вакциныг баталгаажууллаа

Их Британи “AstraZeneca”-гийн вакциныг баталгаажууллаа

Их Британийн эрх баригчид тус улсын “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн, Сovid-19-ийн эсрэг вакциныг олон нийтэд хэрэглэхийг өнөөдөр (2020.12.30) хүлээн зөвшөөрөв. Дээрх эрдэмтдийн хамтран бүтээсэн уг вакцин нь 70 хувийн үр дүн үзүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон аль болох олон хүнийг вакцинжуулалтад хамруулах ёстойг онцолсон байна. Вакцин бүтээгчдийн хэлснээр, уг туршилтыг хоёр өөр горимоор явуулахад нэг нь 62 хувийн, нөгөө нь 90 хувийн дархлаа тогтоосон учир дунджаар 70 хувийн үр дүн үзүүллээ гэж зарлажээ.

Эхний бүлэг хүмүүст сарын зайтай хоёр бүтэн тун хийхэд үр дүн нь 62 хувьтай гарсан бол хоёр дахь бүлэг хүмүүст эхлээд хагас, дараа нь бүтэн тун хийхэд 90 хувийн үр дүн үзүүлсэн байна.

Их Британийн Эрүүл мэндийн яамнаас "Засгийн газар өнөөдөр “AstraZenec” компани, Оксфордын их сургуулийн COVID-19-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрөх тухай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлагийн (MHRA) зөвлөмжийг баталлаа" хэмээн мэдээлсэн байна. Ийнхүү тус улс уг вакциныг бүртгэсэн анхны орон боллоо.

Тус улсын эрх баригчид 350 сая тун вакцин худалдан авах гэрээг янз бүрийн үйлдвэрлэгчидтэй байгуулсан бөгөөд үүнээс 100 сая тунг нь "AstraZeneca" компаниас авах аж.

Эх сурвалж: BBC