Монгол Улсын хувьд шинжлэх ухааны ажилтны өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо  хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэндчилгээ дэвшүүллээ.

Гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх нөр их үйлсд хүчин зүтгэж буй Онцгой байдлын албаны уураг тархи нь болсон салбарын үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэнд Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд онцгой анхааран Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги зэрэг бодлогын баримт бичигт тодорхой зорилго, зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна.

Эрдэмтэн судлаачид та бүхний судалгааны үр дүнгээр гарган авсан шинэ мэдлэг, технологи, инноваци нь улс орны тогтвортой хөгжил, хүн амын ахуй амьдралд сөргөөр нөлөөлж буй гамшгийн эрсдэлийг бууруулах, улмаар үндэсний аюулгүй байдлыг хангахад бодитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол Улсдаа төдийгүй олон улсын түвшинд үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн эрдмийн бүтээлүүд төрөн гарна гэдэгт итгэл төгс байна.

Онцгой байдлын албаны эрдэмтэн судлаачдынхаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Эрдэм номын хур ашид арвижах болтугай.